
Увс аймгийн Тариалан сумын иргэд УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах, шадар туслах, сонгуулийн штабын дарга нар иргэдэд 100 мянган төгрөг тараасныг баримтаар нотолж мэдүүлсэн тул СЕХ тэдэнд хүн тус бүрт нь сая төгрөгийг өгсөн байгаа. Гэвч хууль зөрчсөнийг илрүүлж, хуулиа хэрэгжүүлснийхээ төлөөсөнд тэд өөрсдөө хүн гүтгэгчид болж хувирахад хүрчээ. Учир нь хууль зөрчсөнийг нь тогтоож, СЕХ 13 хүнд 13 сая төгрөг өгчихөөд байхад хэргийн жинхэнэ эздийн УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгохгүй байгаа тул нутгийнхан тэдгээр 13 хүнийг хүн гүтгэсэн мэтээр ойлгож байгаа гэнэ. Иймд тэд СЕХ-нд мөнгөө буцааж өгөхөөр ирсэн байна.
СЕХ-нд шаардлага хүргүүлэхээр ирэхдээ тэд эл асуудлаа хөндсөн боловч СЕХ-ны Ч.Содномцэрэн “Хуулийн дагуу сая төгрөг өгсөн учраас буцааж авах эрх зүйн үндэс байхгүй” гэдэг хариулт өгсөн байна. Ямартай ч иргэд сонгуулийн тухай хуулийн 35.34 дэхь заалтыг би хэрэгжүүлэхийг СЕХ-ноос шаардаж байгаа аж.
Т.Энхэлээ