
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын жижиг, дунд бизнес эрхлэгчид болон зах дээр наймаа эрхлэгчдийн хувийн дансыг шалгаж, НӨАТ төлөхийг шаардаж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээллээ. Одоогоор 200 гаруй хүний хувийн дансыг аймгийн татварын байгууллагаас шалгаж, нийт орлогоосоо НӨАТ-ын 10 хувиа төлөхийг шаардаж байгаа гэсэн мэдээлэл түүнд иржээ. Бүр 2009, 2010 онд дансаар нь орж ирсэн орлогоос ч 10 хувийн татвар өгөхийг шаардсан гэв. Тэрбээр "Энэ шударга бус явдал бараг хэлмэгдүүлэлтийн түвшинд хүрсэн байна. Ганц Хөвсгөл аймагт ч биш, Орхон аймгийн бизнес эрхлэгчид ч энэ талаар ярилаа. Төсвийн орлогыг бүрдүүлэх аян яваад байгаа. Үүнтэй холбоотойгоор өөрсдийнхөө ажлын байрыг бий болгосон иргэдээс орлого бүрдүүлэх гээд хэлмэгдүүлээд байгаа юм уу? Ямар учиртай вэ?" гэж Сангийн сайдаас асуулаа. Ч.Улаан сайд "Холбогдох асуудлыг шалгаж байгаа. Ийм асуудал байх ёсгүй. Тодорхой болохоор мэдээлнэ" гэсэн бүрхэг хариулт өгөв.
Сэтгэгдэл (4)