
24 жилийн өмнө, 1989 оны 12 дугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд тухайн үеийн нийгмийг эсэргүүцсэн залуучууд, Монголын ардчилсан холбооны анхны цуглаан болж байжээ. 1989-1990 оны долдугаар сарын 20-ны хооронд болсон ардчилсан хувьсгалын жагсаал, цуглаан бусад үйл явдлын толь болох “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн түүхийн музейд өнгөрсөн баасан гаригт болсон. Уг үзэсгэлэн энэ сарын 10-ны өдөр буюу нөгөөдөр хүртэл үргэлжлэн гарна. Тиймээс иргэдийг үзэсгэлэнг амжиж үзэхийг үзэсгэлэнг дэлгэгчид хэлж байна.
2000 гаруй зургаас 150 орчмыг нь шилж энэ үзэсгэлэнд дэлгэжээ. Ирэх жил Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохионо. Тэр үеэр уг үзэсгэлэнд тавигдсан зургуудаар албом гаргах юм байна.