
Нэгдүгээрт өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн зүгээс хэд, хэдэн аймгийн Засаг дарга, ИТХ-ын хуралтай холбоотой асуудлыг хөндөж тавьсан. Тэгэхдээ уг асуудлыг хурдан шийдвэрлэхийг Засгийн газрын тэргүүнээс шаардсан билээ. Тэгвэл энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Аймгуудын Засаг дарга нарын асуудлаар Засгийн газрын нэгдмэл байр суурьт нөлөөлөхүйц мэдээллүүд хэвлэлүүдэд гарсан. Тиймээс үүнд АН анхаарлаа хандуулж энэ талын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь гэж үзлээ" гэв. Тодруулбал Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог, сумын Засаг даргыг ард иргэд нь сонгодог гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Ингэснээр шат шатны сонгууль, зөв маргаангүй явах учиртай гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог. Ингэхдээ тухайн шатны аймаг, нийслэлийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд батламжилж томилдог. Тэгвэл өөрчлөлт оруулах хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх нь зөв гэж үзэж байгаа аж.
Хоёрдахь хэлэлцсэн асуудал нь Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл аж. Бүлгийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Энэ хуулийн төслийн талаар Шадар сайд Д.Тэрбишдагва мэдээлэл хийжээ. Мэргэжлийн хяналтын газрын хүнд суртлаас болж 5 тэрбумын хохирол учирсан гэсэн мэдээлэл АН-ын бүлэгт ирсэн байна. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлигыг зогсооход дээрх төсөл нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Төсөлд Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг, үүрэг, бүтцийг тодорхойлсон бөгөөд нийтийн аюулгүй байдлын хяналтыг хангах чиг үүрэг нь одоогийнхоороо төвдөө үлдэж, аж ахуйн нэгжтэй холбогдох хяналт дүүрэг рүү шилжихээр заагаад байгаа юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)