
Энэ үеэр Элчин сайд Б.Одонжил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг ЙХВУ-ын Хаанд уламжилж Монгол, Йорданы харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Ирэх жилүүдэд манай оюутнуудыг Йорданд нэмж суралцуулах, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах албаны ажилтнуудыг Йорданы засгийн газрын харъяа сургууль, дамжаанд сургах, давтан сургах, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Монгол Улсыг Йорданд сурталчлах талаар болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Йорданы Хаан Эрхэм дээд Абдала II Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүүлэхээ илэрхийлэв.
Элчин сайд Б.Одонжил Итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан Йорданы Гадаад хэргийн яамны сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хааны Тамгын газрын дарга нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Элчин сайд Йорданд ажиллах үеэрээ тус улс дахь Монгол Улсын Өргөмжит консул ноён М.Мигдадитай хамтран ажиллаж, Йорданд суралцаж буй манай оюутнуудын төлөөлөгчидтэй уулзаж тэдний амьдрал ахуйтай танилцан, санал бодлоо солилцов.
Монгол Улс, Йорданы Хашимитын Вант Улсын хооронд 1981оны 5 дугаар сарын 21 ний өдөр дипломат харилцаа тогтоосон ба тус улс нь Ойрхи Дорнодын бүс нутагтаа өндөр хөгжилтэй орнуудын нэгд тооцогддог юм.