
Уг арга хэмжээнд тус улсад суугаа ДТГ-ууд, олон улсын байгууллагын төлөөлөгч зэрэг 40 гаруй орны төлөөлөл оролцож, үндэсний дуу хөгжим, хоол, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, эх орноо сурталчлав.
Энэ арга хэмжээнд Румын Улсад суугаа Монголчуудын холбооны тэргүүн Б.Сугаржав, Монгол Улсын Өргөмжит консул Родика Поп болон Румын Улсад суралцаж байгаа оюутнууд, байнга оршин суугаа монгол иргэд, тэдний хүүхдүүд идэвхитэй оролцлоо.
Мөн уг арга хэмжээний үеэр Румын Улсын Ерөнхийлөгчийн гэргий хатагтай Мария Басеску болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж үзэсгэлэн үзэж, сонирхсон зүйлсээ худалдан авч өнчин хүүхдүүдийн төлөө санд хандив өргөв.
Өнгөрсөн жил болсон энэ арга хэмжээнд манайхан идэвхитэй оролцож, Румын Улсад нөхөртэйгээ ажиллаж, амьдарч байгаа иргэн Ургамалцэцэг энэ Нийгэмлгийн тэргүүнээр сонгогдсон болно.
Энэ удаагийн арга хэмжээнд манай монголчууд мөн маш идэвхитэй оролцож, эх орноо амжилттай сурталчилав.
Болгар Улсад суугаа ЭСЯ-наас уг арга хэмжээнд Зөвлөх Д.Ганболд, 3 дугаар нарийн бичгийн дарга А.Амартүвшин нар тус тус оролцов. Мөн тус ЭСЯ-наас гэрэл зургийн үзэсгэлэн, монголын үндэсний бэлэг дурсгалын зүйлс зэргийг Румын Улсад байнга амьдарч байгаа монголчуудын холбоонд дурсгав.