
Дээрх бодлого, үйл ажиллагааг дэмжих, тэргүүн ээлжинд экспортын хэмжээ, орлогыг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллах болон жоншны металлургийн ба флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах зорилгоор Уул уурхайн яам болон Монголын улсын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоотой энэхүү харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулж байна.
Монгол орны байгалийн баялаг, эрдсийн түүхий эдийн нөөцийг ашиглан “Монголын хайлуур жонш хөтөлбөр”-ийг боловсруулах, судалгааны ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийн нөөцийн хэмжээг өсгөх, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, гадаад орнуудын ижил төстэй төрийн бус байгууллагатай хамтран сургалт явуулахад Санамж бичгийн ач холбогдол чухал юм хэмээн Уул уурхайн яамнаас мэдээллээ.