
УИХ-ын чуулганаар Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Гантөмөр сайд мэдээлэл хийж байна. Тэрбээр ирэх жил хэчнээн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа талаар гишүүдийн асуултанд хариулав. Улсын хэмжээнд 130 хүүхдэд 100 суудал оногдож байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 30 хүүхэд суудалгүй байгаа бол Улаанбаатар хотод 50 хүүхдэд суудалгүй хоёр, гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа аж. Одоогийн байдлаар 5000 хүүхэд гуравдугаар ээлжинд хичээллэж байна. Тиймээс БШУ-ны яамнаас ирэх жил гуравдугаар ээлжийг алга болгох зорилго тавьжээ.
Уг нь ирэх жил 100 бага сургууль, цэцэрлэгийн комплекс барих боломж байгаа ч Засгийн газрын өрийн хэмжээг нэмж болохгүй гэсэн шийдвэрээс болж зээл авах эрхгүй болсон. Л.Гантөмөр сайд "Бага сургуулийн комплекс барихад зээл өгье гээд байхад УИХ зээлийн эрх нээж
өгөхгүй байна. Хэрэв энэ хэвээрээ байвал хувийн хэвшлээр сургууль бариулаад түрээслэх, 20-25 жилийн дараа эргүүлж авах боломж л байна. Хичээлийн хоёр ээлжийг цаашдаа нэг болгоход асар их мөнгө хэрэгтэй. Төсвийн гадна нэг их наяд төгрөгийн тооцоо гараад байгаа" гэлээ.