Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах санал гарсантай холбогдуулж өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж эхэллээ. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн яг одоо Төрийн ордны В танхимд дээрх асуудлаар хуралдаж байгаа бол 15.00 цагт Ардчилсан намын бүлэг хуралдахаар болжээ.
Уг хуралдаанаар мөн адил Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх юм байна.
Харин Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн УИХ дахь МАН-ын бүлэг нь 14.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр мөн зар тарааж эхэлжээ. Сануулахад, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Батбаяр, Ч.Улаан сайд нарыг огцруулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Тэд улсын эдийн засаг уруудаж, ард түмний амьдрал доройтож байгаа учраас салбар хариуцсан хоёр сайд нь огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ.
Т.Энхэлээ



















































