
Л.Гантөмөр сайд хэлэхдээ “Өнөөдөр хүртэл Төрийн өмчит их, дээд сургуулиуд зөвхөн сургалт руугаа анхаарч ирсэн. Тухайлбал МУИС 15 салбар сургуулиас бүтдэг. Тэр нь Вант улсын хэлбэртэй. Бие даасан зохион байгуулалттай. Бас хэтэрхий үрэлгэн. Зөвхөн сургалтын орлогоосоо амьдралаа залгуулдаг ийм бүтэц байсан. Ганцхан МУИС биш бусад төрийн өмчит их дээд сургуулиудад ч гэсэн жижиг бүтцээсээ татгалзаад үндсэндээ судалгаа хийж болдог бүтэц рүү шилжинэ. Энэ шилжилтийн эхний ажил МУИС дээр хийгдээд Удирдах зөвлөл нь шийдвэрээ гаргасан. Эсэргүүцэл бол байгаа. Мэдээж 15 захирал, 15 орлогч захирал 80 тэнхимийн эрхлэгч байна. Ер нь 270 орчим пропессорын тал нь даргын ажил хийж байгаа. Өөрөөр хэлбэл судалгаа руугаа анхаарахгүй. Нэг л том, том цолтой хүмүүс байна. Тийм учраас даргын ажилаа өгч байгаа хүмүүс сэтгэл дундуур байгаа гэдэг нь ойлгомжтой. Энэ эсэргүүцлийг заавал давна. МУИС-д багш нар бүр учраа олохоо байчихсан зүйл байхгүй. Ялангуяа эрдмийн ажилд хичээдэг, олон улсын хэвлэлд өөрийн бүтээлийг гаргадаг багш нар энэ шинэчлэлд үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр энэ ажил бол цаашаагаа үргэлжлээд хийгдэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэжээ.
Сэтгэгдэл (1)