
УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Улаанаас "Самурай бонд"-ын талаар гишүүд асуулаа. "Самурай бонд"-ын эхний хэсгийг маргааш буюу 12-р сарын 25-нд гаргахаар төлөвлөсөн байжээ. Гэсэн ч Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудалтай холбоотойгоор "Самурай бонд"-ыг босгох нөхцөл байдал өөрчлөгдөөд байгаа бололтой. Тэрбээр "Иений бондын нөхцлийг бид анхнаас нь судалж, дүгнэлт хийж хандсан. "Самурай" бондыг босгоход төвөгтэй асуудал байгаа нь өнгөрсөн даваа гарагаас өрнөсөн үйл явцтай холбоотойг үгүйсгэхгүй. Тиймээс маргаашийн арилжаанаас татгалзаач ээ гэсэн санал тавьж байна" гэв.
Мөн "Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ оны байдлаар доогуур байгаа нь үнэн.
Гэхдээ цаана нь бодит шалтгаантай. Өмнө нь бодитой ажил нь гараагүй, эхлээгүй
обьектууд хөрөнгө оруулалтаа авчихдаг байсан. Энэ жилээс бид бодитой
хийсэн ажлыг санхүүжүүлж байгаа. Энэ мөнгөний эх үүсвэрийг босгох нь
зүйтэй гэж үзэж байна. Үнэгүй мөнгө гэж байдаггүй. Гэхдээ энэ эх үүсвэрээрээ үр дүнтэй
төсөл хэрэгжүүлэхэд анхаарч байгаа. "Самурай" биш "Үйлдвэржилтийн бонд" гэж
нэрлэх нь зүйтэй" гэлээ.