
УИХ-ын дэргэдэх байнгын хорооны дарга нарын ажил үүргийн хугацаа дуусч шинээр томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэж эхлэх гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд байнгын хорооны дарга нараас ажилдаа ховор ирдэг, ажлаа тасалдаг гэсэн шүүмжлэлийг хамгийн их сонссон нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж. Түүнийг ажилдаа ирэхгүй байна гэж “эрэн сурвалжилж” байсан удаатай. Ажилдаа ирдэггүй даргатай тус байнгын хорооны хурлыг С.Баярцогт, Р.Гончигдорж нарын гишүүд ээлжлэн удирдан явуулдаг байв. Тэгвэл Ш.Түвдэндорж дарга өөрийн ажлаа тун сайнаар үнэлж, оны эцэст хамгийн сайн байнгын хорооны даргаар шалгарсан гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “УИХ-ын Тамгын газраас найман байнгын хорооны ажлын албыг дүгнээд манайх нэгдүгээр байрт орсон. Миний хувьд ямар ч байсан гал алдаагүй, байнгын хороогоо зохих хэмжээгээр удирдаад явсан гэж үзэж байна” гэжээ. Ажилд тасалдагаараа дуудуулж байсан Ш.Түвдэндорж дарга ийнхүү хамгийн сайн даргаар тодорч, өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун алхаж явах юм. УИХ-ын Тамгын газраас ажилдаа ирдэггүй даргыг яагаад ийнхүү шилдэгээр нэрлэсэн нь сонирхолтой л юм.