
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАН-ын бүлэг таван хоногийн завсарлага авлаа. МАН-ын бүлэг завсарлага авсан үндэслэлээ “Уг хуулийн төсөлд уул уурхайн ашигт малтмалын ордын анхны үнэлэмжийг тогтоох тухай заалт тусгагдаагүй байна. Түүнчлэн тухайн ордын нөөцөөс хамаараад дагалдсан дэд бүтцийг заавал тусгах ёстой, мөн нөөцлөн хадгалах гэх заалт хасагдсан нь буруу” гэж үзсэн юм. Эл асуудлаар энэ долоо хоногт УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, Ардчилсан намын бүлгүүд зөвшилцөж, төсөлд зарим өөрчлөлт оруулсан ч санасан хэмжээнд хүрээгүй" хэмээн тайлбарлаж байна. Хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх хуулийн төсөл дээр завсарлага авч байсан юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.