
Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн эхийг залах хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Ц.Мөнхтүвшин нар оролцлоо.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг.
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.