Өнгөрч амралтын өдрүүдэд МАН-аас нөлөө бүхий 200 хүн МАХН-д гишүүнээр
элсэх тухай бор шувуу нисч уг мэдээллийг тус намын Ерөнхий нарийн
бичгийн дарга Г.Шийлэгдамба баталгаажуулснаар улстөрийн хүрээнийхэн тэр
дундаа МАН-ынханыг нэлээд сандархад хүргэсэн.

Өнгөрч амралтын өдрүүдэд МАН-аас нөлөө бүхий 200 хүн МАХН-д гишүүнээр элсэх тухай бор шувуу нисч уг мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба баталгаажуулснаар улстөрийн хүрээнийхэн тэр дундаа МАН-ынханыг нэлээд сандархад хүргэсэн. Г.Шийлэгдамба “Тэдний дунд МАН-ын нөлөө бүхий улс төрчид бий” гэж нэмж хэлсэн нь чухам хэн гэсэн асуултруу өөрийн эрхгүй түлхсэн. Харин мань эр “Одоохондоо нууц, учир нь тэр хүмүүст ямар нэгэн дарамт шахалт ирж болзошгүй, мөн дээр нь намын дотоод эв нэгдэлд харшилж мэднэ” гэсэн тасархай хашир хариулт өгснөөр улстөрчдийн аазгайг жинхэнэ оволзуулсан гэхэд болно. Ийнхүү даваа гараг болж товлон зарласан 200 гишүүн “урвуулах” ёслол эхлэхээр МАХН-ын төв байр намын удирдлагууд, гишүүд болон сэтгүүлчдийн хөлд битүү дарагдсан байна. МАН-аас чухам ямар нөлөө бүхий улс төрчид МАХН-ыг сонгож буйг сонирхохоор ийнхүү битүү цуглах нь тэр. Зарим эх сурвалжууд УИХ-ын гишүүн асан Д.Загджав МАХН-ыг сонгох нь гэсэн мэдээлэл ч ирүүлээд байсан. Ийнхүү тус намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, бүх нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа сайд, УИХ-ын гишүүд нь өргөн бүрэлдэхүүнээр цуглан “МАН-аас нөлөө бүхий улс төрч угтаж авах ажиллагаа” эхэлтэл нөлөө бүхий байтугай нөлөөгүй улс төрч ганц ширхэг хүн ч МАХН-д элссэнгүй. Төрийн албаны дунд шатны дарга, хүний эмч, тамирчин зэрэг 50 хүрэхгүй шахам хүнд батлах гардуулж өгөв. Нөгөө сэтгүүлчдийн сонирхсон олны танил эрхмүүдээс хэн ч байсангүй. Таньж мэдэх цорын ганц хүн болох Лондон-2012 олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэгт батлах гардуулахаар дуудаж хүмүүс ч нижгэнэтэл алга ташсан боловч өөрийн биеэр ирсэнгүй. Ийнхүү нөлөө бүхий улс төрчийн сургаар ирсэн сэтгүүлчид дэмий л “тэр эмч, энэ багш МАХН-д элслээ” гэсэн жижүүрийн мэдээтэй сэтгэл дундуур буцацгаасан.
Харин үйл явдал болж өнгөрсний дараа МАХН-ынхан хоорондоо хэрэлдэж “Би чи” дээ тулан хөгөө чиржээ. Тодруулбал МАХН-ынхан “Нөгөө нөлөө бүхий МАН-ын улс төрчид чинь хаана байна” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга руугаа дайрчээ. Харин Г.Шийлэгдамба “олны анхаарлыг татаж, сэтгүүлчдийг ихээр цуглуулахын тулд ийм алхам хийсэн” гэсэн утгатай тайлбарыг хийсэн боловч “энэ алхам чинь намын нэр хүндийг өсгөх биш харин ч унагах алхам болчихлоо” гэж сөргүүлсэн байна. Намынхаа нэр хүндийг унагасан Г.Шийлэгдамбыг ажлаа муу хийж байна гэж шүүмжилсэн хүмүүс ч их байсан гэх.
Намын даргаа эргээд ирэхдээ улстөрийн нарийн хор, жорнуудаа ярилцаж үүрэг чиглэлээ авсан тэд МАН-аас гишүүн сугалах ажлаа ийнхүү бантагнуулж эхлүүлэв. Н.Энхбаяр намын нөхөддөө М.Энхболдын “хөлийг тайрах” чиглэлийг өгсөн бөгөөд ингэж чадвал МАН-ыг ганхуулж МАХН түүний орон зайг баттай эзэлж чадна гэж тооцоолж байгаа нь илэрхий. Тэдний МАН-д зориулсан “хорон ажиллагаа” цаашид ч өрнөх бөгөөд Н.Энхбаяр МАХН-ынхаа удирдлагуудад МАН-ын нөлөө бүхий улс төрчдийг хуваарилан уулзаж талдаа татах үүрэг өгсөн байна. Ийнхүү Н.Энхбаяр алсын удирдлагаараа МАН-ын хөлийг тайрах ажиллагааг удирдаж, харин гүйцэтгэгчид нь болхидуухан хөдөлж хоорондоо жийлцэн хөгөө чирж байна.
Сэтгэгдэл (26)