
Нийт 1151 төсөл ирснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт төслийн тоо 1088 болжээ. 200 нь төслийн зорилгод нийцээгүй бөгөөд импортыг орлох, экспортыг дэмжих нийт төсөл 888 байна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд хэллээ.
Эдгээр 888 төслийн нийт санхүүжилт 7,3 их наяд төгрөг, үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь 4,2 их наяд төгрөг буюу нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцжээ. Хамгийн өндөр өртөгтэй төсөл 285 тэрбумын зээл хүссэн байхад хамгийн бага зээл нь 5 сая төгрөг байна.
Экспортыг дэмжих төсөлд ашигт малтмал боловсруулах, хүнд үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг 7 салбарын төсөл иржээ. Импортыг орлох төслийн олонх нь барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг 8 салбарынх байна. Эдгээр төслийг хэрэгжүүлбэл, 40 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоог тус яам хийжээ.
Төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх, зээлийн нөхцөлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулахдаа “Зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа нь 5 хүртэл жил байна. Хүүгийн хэмжээ жилийн 9-өөс илүүгүй хувьтай байна. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх бөгөөд төсөл санаачлагч нь өөрийн сонгосон арилжааны банкинд хандаж зээлээ авна” гэлээ
Сэтгэгдэл (1)