Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдахаар төлөвлөсөн байна. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонсох аж. Ингэснээр дуудлага худалдаанд оруулах барилга болон хөрөнгө оруулалтыг нь өгч үргэлжлүүлэх барилгыг ангилах боломжтой болж байгаа юм. Харин Төсвийн тодотголын төслийг ирэх сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганы хуралдаанд танилцуулах аж. Ээлжит бус чуулганы хуралдаанаар царцаасан барилгуудын аудитын дүгнэлтийг хэлэлцэхээс гадна 2014 оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм.
Т.Хулан


















































