
Улиастайн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг танилцууллаа. Мөн МАН-ын бүлгийн гишүүдээс санаачлаад байгаа иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үнэ ханшийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, бага орлоготой хэсэгт илүү анхаарах, малчдын тэтгэвэр тогтоолгох насыг наашлуулах, оюутнууд болон олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох зэрэг хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг танилцуулсан юм.
Тэрээр одоогоор Цагаанхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл суманд ажиллаад байгаа бөгөөд эдгээр сумын ард иргэд түүнд хандаж олон асуулт тавьж, төр засагт уламжилж өгөхийг хүсчээ. Тухайлбал, Богдын гол багийн иргэн Байгаль малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төслийг талархан хүлээн авснаа хэлээд цаашдаа залуу малчдыг дэмжих, малчдын эрүүл мэндийн талаар төрөөс тодорхой бодлого баримталж ажиллах хэрэгтэй гэлээ.
Т.Энхэлээ