
Энэ удаагийн уулзалтын үндсэн зорилго нь БНХАУ-ын Шанхай хотноо болох АХАИББХ-ын Дээд хэмжээний IY уулзалтын бэлтгэлийг хангах, уг уулзалтын үеэр гаргах Тунхаглал болон хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг асуудлаарх нийт зургаан баримт бичгийн төслийг хэлэлцэв.
Манай төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Шанхайн Дээд хэмжээний уулзалтын Тунхаглалд энэхүү байр сууриа томьёлон тусгах зарчмын санал гаргасныг хуралд оролцогчдын дийлэнхи нь дэмжиж, ЗХА-ын аюулгүй байдлын асуудлаарх гишүүн бусад улсын саналыг нэгтгэн тусгай заалт болгон Тунхаглалд тусгахаар тохиролцов.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АХАИББХ–ыг Турк Улс даргалж ирсэн бөгөөд удахгүй болох Шанхайн Дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үүргийг манай өмнөд хөрш БНХАУ шилжүүлэн авах юм.