
Хэлэлцүүлгийг хааж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Эдийн засгийн хүндрэл хямралын шинж рүүгээ орчихлоо гэсэн дүгнэлтийг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаатай олон улсын санхүүгийн байгууллагууд, шинжээчид хийж байна. Бодит байдлыг МАН-ын бүлгээс удаа дараа сануулж, хүндрэлээс гарах арга замыг хамтдаа эрэлхийлье гэхэд сөрөг хүчин шүүмжиллээ гэсэн байдлаар сайд нар хандаж, амьдрал сайхан байгаа мэтээр сурталчилж байна. МАН-ын эдийн засаг, Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. Бид улсынхаа төлөө л хамтдаа урагшаа гарц хайж, асуудлын ард гарах ёстой" гэв. Тиймээс МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, шийдэл, төлөвлөгөө боловсруулж УИХ, Засгийн газрын төвшинд ярих, өргөн барих шаардлага үүссэнийг тэмдэглэв. Мөн бодлогогүй эрх баригчдыг бодлоготой болгохын тулд УИХ-ын дэргэд Хөгжлийн бодлогын дэд хороо байгуулах санал гаргав.
Ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, ахуй амьдрал, бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрч байгаа, төр засагт нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг МАН-ын бүлгээр дамжуулан эрх баригчдад уламжлахыг хүсэв. Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд ч үүнтэй санал нэгдэж, эдийн засгийн хүндрэлээс цаг алдалгүй гарахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Т.Энхэлээ