Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Улсын Их Хурлын дарга орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Арвайхээр дэх “Альпин” ямааны фермийн үйл ажиллагаатай танилцахаас эхлэх юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад ажиллан дээрх хоёр суманд хэрэгжүүлэх “Шинэ сумын төв” төслийн болон Баянхонгор аймгийн оношилгооны төвийн нээлтэд оролцоно. Улсын Их Хурлын даргын ажлын төлөвлөгөөнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдтэй хийх уулзалт мөн багтсан байна.
Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явжээ.



















































