Төсвийн байнгын хороо өнөөдөр 11.00 цагт хуралдаж, 2014 оны улсын төсвийн тодотголыг боловсруулахад УИХ-аас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ирэх долоо хоногийн мягмар гаригийн 10.00 цагт хойшлууллаа. УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Төсвийн байнгын хороо хуралдаж, яаралтай шийдвэрлэх хэд, хэдэн асуудал байхад гишүүд хуралдаа ирц суугаагүйгээс болж ийнхүү хойшлуулж байна гэдгээ тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэв.
Тэрбээр “Ер нь манай барилга, бүтээн байгуулалтын ажил цаг хугацаатай байдаг. Уг нь өдийд барилгын ажил эхэлчихсэн байх ёстой. УИХ-ын Хаврын чуулган эхлэхэд Төсвийн тодотгол өргөн барих боломжийг Засгийн газарт олгох зорилгоор энэ хуралдааныг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хийх ёстой байсан юм. Яаралтай 140 гаруй барилгын объектийн асуудлыг шийдэхгүй бол барилгын ажлын цаг ирж байхад цаг алдах нөхцөл байдал үүсэхээр байна. Төсвийн тодотголын төслийг хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэх нөхцөлийг хангаж ажиллаж байна” гэж хэллээ.
Т.Энхэлээ





















































