
Одоогоос хоёр жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр дөрөвдүгээр сарын 12-нд баривчлагдаж байв. Гэм буруугүй гэдгээ илэрхийлж урт хугацааны өлсгөлөн хүртэл зарлаж байсан. Хожим тэрхүү Н.Энхбаярын баривчлагдсан өдрийг МАХН-ын гишүүд дэмжигчид Орчин цагийн хэлмэгдүүлэлт хэмээн нэрлэж, хөшөө хүртэл босгож байлаа. Тэгвэл тэр өдрөөс хойш даруй хоёр жил өнгөрсөн байна. Энэ өдрийг нэхэн санаж МАХН-ын эмэгтэйчүүд төрийн ордны гадна хаалгыг угаахаар болсон байна. Тэд шүүр, хувинтай хөөстэй устай очиж шалыг нь толь шиг болгох юм байна. Ингэснээр ахиж төрийн ордонд шударга бус явдалтан, олигархиуд, ард түмний эрхийг бус амин хувийн ашгийг дээдлэгсэд бүү орогноосой гэдгийг илэрхийлж байгаа юм. Шулуухан хэлэхэд, төрийн ордон төрд шургалсан шударга бус нөхдөөс болж бузартсан тул юутай хийтэй нь ариутгахаар болсон бололтой юм. Төрийн үйлчилгээнийхэн мэдээж ордны эргэн тойрныг угаадаг байж таарна. Харин МАХН-ынхан ийн угааж байгаа нь цаанаа л өөр гэж гадуур жиг жуг хийх болов. Ямартаа ч маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-ны 12.00 цагаас төрийн ордны гадаа очиж МАХН-ын бүсгүйчүүд хэрхэн ариун угаал үйлдэхийг харах үлдлээ.
Сэтгэгдэл (5)