
Хэдийгээр Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсэн явдал нь АНУ, Европын холбооны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч тэд Оросуудыг яаж ч чадахгүй гэдэг нь өдрөөс өдөрт илэрхий болж байна. ОХУ-ын эсрэг эдийн засаг хориг арга хэмжээ авч эхэлсэн гэж байгаа ч энэ нь зөвхөн үзүүлбэрээс цаашгүй байна. Оросын зарим өндөр албан тушаалтны дансыг битүүмжилсэн ч олон улсад эргэлдэж байгаа мөнгөний нь урсгалд хуруу дүрж чадсангүй. Германы канцлер А.Меркель өөрийн орны банкны захирлууд, томоохон бизнесийнхэнийг цуглуулж ОХУ-д эдийн засгийн ямар нөлөө үзүүлж болох талаар саналыг нь сонссон байна. Тэд хариуд нь бид л хохирно гэдгээс өөр зүйл хэлээгүй гэнэ. НАСА Оросуудтай хамтарсан хөтөлбөрүүдээ зогсоож байгаагаа мэдэгдсэн ч задгай сансар дээр энэ хориг үйлчлэхгүй. Учир нь задгай сансарт Оросуудын оролцоогүй юу ч бүтэхгүй.
АНУ Иракид цэргээ оруулж байхад зүхэхээс өөр зүйл хийж чадахгүй байсан Оросууд тун богино хугацаанд сэхэв. Тэд Сирийн асуудлыг шийдээд зогсохгүй, Ираны гол түншлэгч орон болж ойрхи дорнод дахь Америк барууны түрэлтийг хүчтэй сааруулах боллоо. Орос Ираны хооронд 20 тэрбум долларын худалдааны гэрээ байгуулав. Үүнд газрын тос, зэвсэг, өргөн хэрэглээний бараа зонхилж байна. Цаашлаад Ираны цөмийн хөтөлбөрөөр далимдуулж халдан довтлох ямарваа нөхцөл үүсвэл ОХУ урдаа барьдаг С300 пуужингийн цогц системээ тэдэнд өгөх гэнэ. Ойрхи дорнодын геополитикын тулаанд Орос, Хятадууд өнгөлж, Америк барууныхан үндсэндээ ухарлаа гэдгийг олон улсын харилцааны мэргэжилтнүүд онцлож байна. ЗХУ задран унаснаас хойш Оросуудын сэргэлт ийм түвшинд хүрч байсангүй. Олон улсын харилцаан дахь нөлөөллийн чадамжаараа ч, үндэстний сэтгэл зүйн хувьд ч. Өнөөдөр Оросууд В.Путиныг сайн удирдагч гэдэгтэй бараг зуун хувь санал нэгдэх болсон байна. Хэдийгээр хүний эрх, ардчилал, чөлөөт зах зээлд бэрхшээл их байгаа ч дэлхийд зангидсан нударгаараа сүр харуулж чадаж байгаа нь тэдэнд гайхамшиг. Ийм дарангуйлал гоё.

Нэгэн цагт тал дэлхийн хувь заяаг шийдэж явсан Оросууд дахин ЗХУ-аа санагалзаж эхэлсэн гэдгийг судлаачид онцолж байна. ОХУ-ын төрийн думын гишүүд, сөрөг хүчнийхэн нийлж байгаад М.Горбачевийг шүүхэд өгсөн гэнэ. Олон жилийн турш коммунизмийн төмөр хөшгийг ярж, хүйтэн дайныг дуусгасан гавьяатан гэгдэж байсан түүнийг ЗХУ-ыг задлан бутаргасан буруутнаар нэрлэх болов. Заргалдагч гишүүд “тухайн үед зөвлөлтийн бүрэлдэхүүний иргэдийн 77% нь ЗХУ-ыг тараахын эсрэг саналтай байсан ч түүнийг үл харгалзан Америкын тусгай албадтай үгсэн ЗХУ-г тараасан” гэж тэд үзэж байна. ЗХУ-ыг хууль бусаар тараасан явдал нь өнөөдрийн Украйны хямралын эхлэл болсон гэж олон хүн үзэж байна. Цаашид Украйны байдал улам хурцдах шинжтэй байна. Зүүн Европт тогтвогүй байдал бий болох иш үндэс нь ЗХУ-г хууль бусаар тараасан явдал бөгөөд бид үүнд нухацтай дүгнэлт хийж, гэмт хэрэгтэнд хариуцлага тооцож цаашид Украйнд цус урсгахгүй байх арга замаа тодорхойлох ёстой гэв. Товчхондоо бол ЗХУ-г тараасан нь буруу, үүнийгээ сэргээе, нөлөөгөө бэхжүүлье гэсэн санаа. Судалгаанаас үзэхэд ард нийтийнх нь санаа бодол ч тийм байгаа гэнэ. Сүүлийн хэдэн сар Украйны асуудал, Америк барууныханы зөрчлөөс улбаалж зөвлөлтийн үеийн сүр хүчээ эргэж санагалзсан, буцаж нэгтгэх цаг болсныг сануулсан нийтлэлүүд тасрахгүй гарч олон нийтийн сэтгэгдэл ч үүнд эерэг хандлагатай байгаа аж.
Оросуудын оюун санаанд зөвлөлтийн далбаа намирч эхэллээ. Тэдний бахархал бол сүр хүч. Угаас хэдэн зуун жилийн турш дайн тасраагүй ард түмний зүрхэнд үргэлж бөмбөг тэсэрч байдаг аж.
О.Цагариг /24tsag.mn/
Сэтгэгдэл (60)