Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа өдөр өдрөөр бүдгэрч байна. Ард түмний итгэлийг дааж ажиллаж чадахгүй байгаа дээр нь сөрөг хүчин тэднийг амар тайван байлгахгүй нь. Хамгийн хачирхалтай нь хамтарч засаг барьсан "Шударга ёс" эвсэл нь "Шударга бус" байдал гаргаж холын замд ханьсахгүй гэдгээ нотлон харуулах боллоо.
Засгийн газрын гишүүдээс ганцхан Х.Баттулга л давхар дээлээ тайлах гэж зориглов
УИХ дахь сөрөг хүчний дарга С.Бямбацогт давхар дээлтэй 17 сайдыг санал хураалтад оролцох эрхгүйг сануулсан захидал илгээгээд дуулиан болов. Асуудал АН-ын бүлгийн хурлаас эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хүртэл өндрөө авсан юм. Тэрээр энэ үйлдлээрээ нийгмийн дэмжлэгийг авч дөнгөв. Олон нийт 17 сайдыг хуулиа биелүүлэхийг сануулсан юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд өмнө хэлж байсныхаа дагуу 17 сайдыг санал хураалтад оролцох нь ашиг сонирхолын тухай хуультай харшилж байгааг сануулсан юм. Түүний үйлдэл ч олон нийтэд таалагдаж, МАН-ынхны сануулсан шиг УИХ-ын дарга гишүүдээ алагчилсангүй. Харамсалтай нь 17 сайдаас ганцхан Х.Баттулга л хуулиа мөрдөж бусад нь үл тоомсорлон ширэн нүүрлэв. Ард түмэн 16 сайд гишүүн эрх ашгийнхаа төлөө хууль яаж зөрчдөгийг харав. Тэр ч бүү хэл ашиг сонирхолын тухай хуулийг санаачилсан Х.Тэмүүжин хүртэл өөрийн гэгддэг хуулиа зөрчлөө. Ийм байж ард түмнийг хуулиа биелүүл гэж хэлэх хэцүү гэж ярих хүмүүсийн тоо нэмэгдсэн байлаа.
С.Баярцогт: Хамтарч чадахгүй хүмүүстэй хамтрахаар ингэдэг юм
Засгийн газраа аварч үлдэх гэж хамгийн их хичээж байгаа хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн С.Баярцогт. Тэрээр давхар дээлийг тайлах шийдвэр гаргасны дараа хамгийн их уурлаж бухимдсан хүн юм. Тийм ч учраас "Хамтарч чадахгүй хүмүүстэй хамтрахаар ингэдэг юм. Чадахгүй юмнуудад чадна гэж итгэхээр ингэдэг байхгүй юу" гэх мэт хатуу ширүүн үгсийг гамгүй урсгасан сураг гарлаа. Түүний энэ үг хоёр хэсэгт харьялагдсан байх гэж ажиглагчид дүгнэж байна. Нэг нь "Шударга ёс" эвслийнхэн. Нөгөө АН доторх МоАХ буюу Х.Баттулга сайд бололтой.
АН-ынхан бүлэг, фракциараа хуралдсаар байв
Ерөнхий сайдын өрөөнд удтал хуралдсан сайд нар тодорхой үүрэг даалгавартайгаар оройтож таржээ. Тарсныхаа дараа АН-ын бүлэглэл фракциуд энд, тэндэхийн зоогийн газарт тухалж хуралдаж эхэлсэн сураг гарав. Тэд эхлээд бүлэг фракциараа асуудлыг ярих ёстой гэж шийдсэн бололтой. Тэдний бүлэглэл, фракциуд ямар шийдэлд хүрснийг урьдчилан хэлэх боломжгүй. Учир нь тэд шөнө дөл болтол хуралдсан мэдээлэл тасарсангүй.
Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрын ирээдүйн газрын зураг ерөнхийдөө зурагдлаа. АН-ынхан засгаа өмгөөлөөд байвал улам л муухай болж харагдахаар болчихлоо. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяаг ангалын ирмэг дээр авчирсан "Давхар дээл" тайлах үйл явц хэрхэн өрнөснийг дурдъя.
Ч.Улаан карт чулуудаж, Д.Тэрбишдагва руу Н.Энхбаяр утасдаад чуулганыг орхиж гарсан уу?
Ийм нэгэн таамаг гарав. Давхар дээлийг тайлах эсэх асуудлаар санал
хураах гэж байхад Шадар сайд Д.Тэрбишдагва чуулганы танхимыг орхиж
гарсны шалтгааныг олох гэсэн хүмүүс өчигдөр ордноор дүүрэн байлаа. Хэрэв
Д.Тэрбишдагва санал хураалтад оролцвол талууд 35:35 гэсэн саналаар
тэнцэх байлаа. Ингэж тэнцээд дахин санал хураавал АН-ынхан гишүүдээ
"маллаад" олонх болно. Гэвч тийм юм болсонгүй. Сүүлийн хэдэн өдөр
"Шударга ёс" эвслийнхээ гишүүдийн учрыг олох гэж хичээж байсан
Д.Тэрбишдагва өөрөө санал хураах болоход гарч зугтсан нь үнэхээр
сонирхмоор асуулт мөн л дөө. Зарим эх сурвалжууд яг тэр үед интернэтээр
чуулган үзэж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр утасдаад гарсан. Үүнээс
өөр тохиолдолд Д.Тэрбишдагва гарах ёсгүй гэж прогнозлох хүмүүс олон
байв. Харин Д.Тэрбишдагвын картыг санал хураалтад оруулах гэж байгаад
Ч.Улаан бөөн асуудалтай тулгарсан юм. Түүний энэ үйлдлийг харсан
МАН-ынхан танхим дүүрэн орилж Ч.Улаан сайдыг шараа болгосон. "Ичсэн хүн,
хүн ална" гэгчээр шараа болсон Ч.Улаан Д.Тэрбишдагвын картыг чулуудаж
орхино лээ. 
Харин УИХ-ын дарга З.Энхболд өмнө хэлж байсныхаа дагуу 17 сайдыг санал хураалтад оролцох нь ашиг сонирхолын тухай хуультай харшилж байгааг сануулсан юм. Түүний үйлдэл ч олон нийтэд таалагдаж, МАН-ынхны сануулсан шиг УИХ-ын дарга гишүүдээ алагчилсангүй. Харамсалтай нь 17 сайдаас ганцхан Х.Баттулга л хуулиа мөрдөж бусад нь үл тоомсорлон ширэн нүүрлэв. Ард түмэн 16 сайд гишүүн эрх ашгийнхаа төлөө хууль яаж зөрчдөгийг харав. Тэр ч бүү хэл ашиг сонирхолын тухай хуулийг санаачилсан Х.Тэмүүжин хүртэл өөрийн гэгддэг хуулиа зөрчлөө. Ийм байж ард түмнийг хуулиа биелүүл гэж хэлэх хэцүү гэж ярих хүмүүсийн тоо нэмэгдсэн байлаа.
Ц.Баярсайхан хамгийн хулхи улс төрчөөр тодров
Өмнө УИХ-ын даргад захидал илгээж давхар дээлний талаарх санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдсэн цорын ганц хүн бол Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан. Энэ бичиг нь хэвлэлээр гарч олон нийт Ц.Баярсайхан сайдыг ноён нуруутай зарчимтай гэж үнэлж байсан. Гэтэл тэрээр олон нийтийн үнэлэмжийг үл ойшоож нөгөөх албан тоотоо өөрийн биеэр ирж аваад арилсныг УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаан дээр палхийтэл хэлсэн. Ц.Баярсайхан санал хураалтад оролцож давхар дээлээ тайлахгүй гэж кноп дарсан. Ингээд нэг асуудлаар төрийн сайд хүн хэдхэн хоногийн хооронд хоёр өөр байр суурь баримталж түмний шившиг болов. Хүмүүс говийнхныг ноён нуруутай ярьснаараа л байдаг гэдэг. Харин Өмнөговийнхон тийм биш болсныг Ц.Баярсайханы үйлдэл нотлов гэсэн яриа чихний үзүүрт сонсогдов.

З.Энхболд хэлсэндээ хүрч хууль сануулсны цаана юу байв?
Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдын байр суурь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан юм. Тэр 17 сайдыг санал хураалтад оролцвол ашиг сонирхолын зөрчилтэй болохыг зоримогхон сануулсан. Бас Ц.Баярсайхныг бичгээ авч зугтсаныг ард түмэнд ил тод зарласан. Бас давхар дээлний асуудлаар завсарлага авах гэсэн "Шударга ёс" эвслийхний хүсэлтийг таслан зогсоосон. Түүний энэ мэт шийдэмгий үйлдлүүд олон нийтэд хар төрүүлэв. Тиймээс өчигдөр саарал ордноор З.Энхболд дараагийн Ерөнхий сайдад санаархаж байгаа нь илэрхий гэсэн яриа эрчимтэй давалгаалж байв. Ямар ч гэсэн түүний шийдэмгий үйлдэл олон нийтээс like авч чадсан. 
Д.Батцогт, Г.Уянга хоёрын дуэт янзтай
"Шударга ёс" эвсэлд багтдаг МҮАН-ын гол хүмүүс болох Д.Батцогт, Г.Уянга хоёр чуулганы хуралдаанд оролцсонгүй. Тэд угаасаа давхар дээлийг тайлах ёстой гэж байсан эртний байр суурин дээрээ зогсцгоожээ. Гэхдээ Д.Батцогт "Шударга ёс" эвслийг "шударга бус" гэж үзэж байгаа учраас бүлгээсээ гарах болсноо зарласан юм. Түүний дараагийн нүүдэл хаашаа чиглэхийг хэлэхэд эрт байна. Тэр байнгын хорооны дарга. Тэгэхээр УИХ-ын нэгэн байнгын хороо "Шударга ёс" эвслийн мэдлээс гарч байна гэсэн үг. Харин Сүхбаатарын талбайгаа санагалзах болсон Г.Уянга "Шударга ёс" эвслийг засагт хамтарсан мөртлөө мөрийн хөтөлбөрөөсөө тусгаж чадаагүй. Нийгмийн өөрчлөх хөтөлбөрүүдээ сайд болоод мартацгаасаныг сануулаад хөдлөөгүй. Тэр цаашдаа "Шударга ёс" эвслийг сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Засгийн мөрийн хөтөлбөрт оруул эсвэл засгаас гарцгаая гэж уриалах бололтой.
Н.Алтанхуяг: Монгол Улс эрх зүйт төртэй улс байх юм уу, эсвэл хэдэн хүмүүсийн гарт орсон улс байх юм уу гэдэг
тэмцэлдээн болж байна
Засгийн хувь заяаны асуудал чуулганаар яригдаж байхад Ерөнхий сайдын уламжлалт 30 минут арга хэмжээ давхцав. Гэвч Ерөнхий сайд энэхүү арга хэмжээгээ цуцлаагүй. Харин ч сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулсан юм. Тэрээр өөрийн засгийн газраа сайн ажилладагийг судалгаа харуулж байгааг сануулсан. Бас МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй болсныг учирласан. Өөрөөр хэлбэл өөрийг нь байсхийгээд л шалгах гээд байгаа АТГ-д нилээд алергитэй болсон байна лээ. Цаашдаа ч АТГ ба Н.Алтанхуяг хоёрын хоорондын зөрөг жим нэмэгдэх янзтай зураг ажиглагдав. Харин сөрөг хүчнээ сүүлийн үед сүрхий сайн ажиллаад эхэлснээс нилээд айсан шинжтэй харагдав. Өөр нэгэн ноцтой мессежийг нийгэмд шидсэн юм. Тэр нь "Монгол Улс эрхзүйт төртэй улс байх юм уу, эсвэл хэдэн хүмүүсийн гарт орсон улс байх юм уу гэдэг тэмцэлдээн болж байна" гэсэн үг юм. Түүний үг бараг л Х.Баттулга сайдад хаяглагдсаныг дараах мэдээлэл нотлоно.
Х.Баттулгаас бусад бүх сайд Ерөнхий сайдын өрөөнд хуралдав
УИХ-ын нэгдсэн чуулганы дундаас эхлээд давхар дээлтэй сайдууд Ерөнхий сайдын өрөөнд цугларч эхэлжээ. Ингэж цугларсаар Х.Баттулгаас бусад нь Ерөнхий сайдтайгаа "Шинэчлэл"-ийн хэмээх Засгийн газрынхаа хувь заяаг удтал ярилцжээ. Тэд хуулийн ямар гарцыг зөв гэж үзэж байгаагаас эхлээд нөхцөл байдлын талаар ч маргалдсан байна. Мөн санал хураалтад оролцсон намынхаа гишүүдийг элдэв янзаар хэлсэн сураг гарав. Ерөнхийдөө уур амьсгал тийм ч сайхан байгаагүй гэсэн яриа саарал ордноор түгсэн байлаа. Хамгийн гол нь намын даргаа гишүүдтэйгээ тулж ажиллаагүй гэсэн шүүмжлэл давамгайлжээ. Мөн Ерөнхийлөгчтэй холбогдож хуулиа татаж авахыг хүсэх сайд нарын нэрсийг ч гаргаж. Тэд ажилдаа орж Ерөнхийлгөчтэй холбогдож эхэлжээ. Үр дүн хэрхэн гарахыг хэлэхэд эрт байна. Олон нийтийн ихээхэн дэмжиж байгаа хуулиа Ерөнхийлөгч Шинэчлэлийн Засгийн газрын амиа бодож байгаа сайд нарын хүсэлтээр татахгүй л болов уу гэсэн дүгнэлтийг хийх хүмүүс нилээд тааралдав. Хэргийн эзэн Х.Баттулга Ерөнхий сайдынхаа өрөөнд орж танхимынхантайгаа хуралдсангүй. Тэр нэгмөсөн голын нөгөө талд гарахаар шийдсэн бололтой.
Д.Анхбаяр: АН-аар Эрэлээс орж ирсэн Х.Баттулга, Гудамжнаас орж ирсэн Ж.Батзандан нар тоглож байна
Давхар дээлийг тайлах анхны шийдэл АН-ынхныг талцуулав. Тухайлбал АН-ын Нарийн бичгийн дарга Д.Анхбаяр "Ерөнхийлөгч энэ хуулиа татах боломж байгаа ч түүнд ингэх сонирхол бий юу", "Ардчиллын төлөө 25 жил сэтгэл зүрх, оюун ухаан, цус нулимсаа урсган байж зүтгэсэн АН-ын олон мянган гишүүдийн зүтгэл рүү 4 хүн нулимж байна", "АН-аар Эрэлээс орж ирсэн Х.Баттулга, Гудамжнаас орж ирсэн Ж.Батзандан, ИЗН-ын М.Зоригт, Сонгогчдын боловсрол төвийн Р.Бурмаа нар тоглож байна" хэмээн тасралтгүй жиргэж байв. Эрх баригч намын нарийн бичгийн дарга хүн ингэж ил тод бичнэ гэдэг бол энэ намын зөрчил хэрхэн гүзгийрснийг ойлгож болно. Мөн Боловсролын сайд Л.Гантөмөрийн зөвлөх Дашренцэн "Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж Ж.Батзандан АН-ийг аллаа даа" хэмээх хатгаасыг сайн хийж харагдав. Энэ мэтээр АН-ын дотоод гал тогоонд ажиллагсад хоорондоо ан цав үүсгэлээ. Ч.Сайханбилэгт сайхан боломж нээгдсэн үү?
Нэгэнт Шинэчлэлийн Засгийн газар хөдлөх нь тодорхой дүр зураг харагдаж эхлэв. Тиймээс дараагийн Засгийн газрын тэргүүн хэн бэ гэсэн уламжлалт эрэл хайгуул өчигдөрөөс эрчимээ авлаа. Нэг хэсэг нь Н.Алтанхуяг үргэлжлүүлээд ажиллана гэсэн бол нөгөө хэсэг нь Х.Баттулга сайдыг дараагийн Ерөнхий сайд гэж ил тод нэрлэж байна. Бас УИХ-ынг дарга З.Энхболдын нэр ч тод бичигдэж эхлэв. Мөн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн нэрийг энэ намын залуус ил тод зарлаж эхэлсэн. Учир нь Ерөнхий сайдаа "Шонхор"-ын З.Энхболд, МоАХ-ын Х.Баттулгад өгөхгүй гэсэн хатуу итгэл үнэмшил "Алтангадас"-ынханд байдаг бололтой. Тэд Н.Алтанхуяг үргэлжлүүлж ажиллана эсвэл Ч.Сайханбилэг гэдэг дээр хатуу зогсцгоожээ. 
Сэтгэгдэл (75)