
Энэ үйл явцыг хуучны “Элсний 13” буюу одоогийн МАН-ынхан намын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг унагасан түүхтэй холбох нь энүүхэнд болжээ. Энэ бол 2007 онд болсон үйл явц. М.Энхболдыг унагаж С.Баярыг намын дарга, Ерөнхий сайд болгосон хүчтэй бүлэглэл байв. Мөн 1997 онд Ардчилсан эвслийн дунд ч “Эсэргүү 13” гэсэн бүлэг байсан гэдэг.
Харин энэ удаагийнх “Элсний 14” нэртэй гэнэ. АН-ын МоАХ фракцынхан тэргүүлж, Ардчилсан холбоо эвсэл буюу хамгийн сүүлд байгуулагдсан “Шонхор” фракцынхан багтаж буй гэх. Бүр тодруулбал, Х.Баттулга, Д.Ганбат, Ж.Батзандан, М.Батчимэг зэрэг 14 гишүүн байгаа гэв. Тэд зарим сайдад хариуцлага тооцох асуудлаар бусдаасаа өөр байр суурьтай байгаа аж. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газар ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцох эрх УИХ-д бий. Энэ эрхээ хэрэгжүүлэх цаг нь болсон гэж бодож байна“ хэмээн хэвлэлд ярьжээ.
Мөн сайд, гишүүний албан тушаалыг салгах хуулийн төслийн талаар тэд бүлгээсээ саналын зөрүүтэй байгаа учир асуудлыг нэг мөр шийдэхэд хүндрэл учирчээ. “Элсний 14” нь юу юугүй сөрөг хүчинтэй очиж хошуу холбоогүй ч Ардын намынхантай ижил байр суурьтай буюу Төрийн тэргүүний санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжин, хэрэгжих хугацааг энэ оноос байлгахыг санаархаж байгаа гэнэ. Хэрэв АН-ын бүлэг дотор “Элсний 14” байгаа нь үнэн бол эрх баригчдад хүндхэн цохилт болох юм.
М.ЦЭЦЭГ