
Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд зочилсон бөгөөд тус сургуулийн захирал, ноён Кокүбүн Риёосей тэднийг хүндэтгэн хүлээн авч сургуулиа танилцуулжээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ уг сургуульд суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогч нартай уулзан, тэдний хичээл сурлагын байдалтай танилцан өдрийн зоог хамт барив.
Япон улсын Батлан хамгаалахын сайд ноён Онодэра Ицүнори Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн хүлээн авч хоёр улсын Батлан хамгаалах сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ. Тэд дэлхий дахины болон бүс нутгийн хэмжээнд тулгарч буй аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого, салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.
Сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.
1995 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллаж байна.


24tsag.mn