
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болохгүй буюу "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо 18 гишүүнтэйгээр хуралдав. Дээрх хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 оноос эхлүүлэхээр УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн байсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн С.Баярцогт дээрх заалтыг өөрчилж 2016 оны долдугаар сараас эхлэн хуулийг хэрэгжүүлье гэсэн саналыг гаргаад Байнгын хорооны гишүүдийн 3/2 нь дэмжихийг уриалсан боловч дэмжлэг авсангүй. Хуулийн дагуу байнгын хорооны гишүүдийн 3/2 нь дэмжлэг авсан тохиолдолд тус санал дэмжигдэх эрхтэй болж байгаа юм. Тус хуулийг ирэх 2016 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлье гэсэн С.Баярцогтын гишүүний саналыг МАН-ын М.Энхболд, Су.Батболд, Сү.Батболд гишүүн болон АН-аас УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан нар дэмжсэнгүй. Мөн Л.Цог гишүүн дэмжихгүй гэдэг дээр саналаа өгөв. Харин Г.Уянга гишүүн энэ нь үндсэн хууль зөрчсөн асуудал учраас оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр тус санал Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналаар дэмжигдсэнгүй.
Тэгэхээр "давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл нь ирэх долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ гэсэн заалттайгаа УИХ-аар чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэсэн үг юм. Эцсийн шийдийг УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргана.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)