
Уулзалтын үеэр Швейцарт цагаачлал хүсээд татгалзсан хариу авсан Монгол Улсын иргэдийг нутаг буцаах асуудлаар санал солилцож, сайн дураараа буцах хүсэлт гаргасан гадаадын иргэдэд ямар тусламж үзүүлдэг талаар мэдээлэл авав. Тухайлбал, тухайн иргэн сайн дураараа буцах хүсэлт гаргасан тохиолдолд швейцарийн талаас нисэх онгоцны тийз болон тодорхой хэмжээний мөнгөн тусламж олгодог.
Түүнчлэн сайн дураараа эх орондоо буцсан иргэд дахин Швейцарт зорчихоор ямар нэгэн саадгүй виз мэдүүлэх боломжтой гэдгийг Швейцарийн Цагаачлалын албанаас мэдэгдэв. Гагцхүү сайн дураараа буцахгүй, гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэд ойрын 5 жилдээ виз мэдүүлэх эрхгүй юм.
Консулын газрын захирал Ш.Сүхбаатар ШХУ-д оршин сууж буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонсов. Мөн айлчлалын хүрээнд ШХУ-ын Гадаад хэргийн яамны туслах нарийн бичгийн дарга, Элчин сайд Б.Нобстой уулзаж, ШХУ-д Монгол Улсын Өргөмжит консул томилох асуудлаар санал солилцлоо.
Саяхан болсон Монгол, Швейцарийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын мөрөөр зохион байгуулж буйгаар энэ удаагийн уулзалтууд онцлог юм.