
Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ төв анх 1987 онд залуучуудын соёлын ордны зориулалтаар баригдсан. Гэхдээ маш олон жилийн хугацаанд залуучуудын төв байхаа больж олон газар түрээсэлж байсан. Баригдсан цагаасаа хойш олигтой засвар үйлчилгээ ч хийгдээгүй юм билээ. Тиймээс 2013 оны Ерөнхий сайдын багцаас хоёр тэрбум орчим төгрөгөөр энэ төвийг засч тохижуулахад зарцуулж залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өсч хөгжих боломжтой болголоо. Ордны дотор засал ерөнхийдөө БНСУ-ын Сөүл хотын залуучуудын цугладаг чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрыг дуурайлган хийсэн орчин үеийн тохижилттой гэдгээрээ онцлог” гэлээ.
Түүнчлэн тэрээр ойрын хугацаанд Ерөнхий сайдын багцад хамаарах 50 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан тухай гишүүдэд тайлагнахаа мэдэгдээд "Энэ мөнгө тоймтой хэдэн зүйлд зарцуулагдсан. 20 гаруй тэрбум нь аймаг орон нутгийн оношилгооны төв рүү, арав гаруй тэрбум нь баруун гурван аймгийн зах руу гарсан. Үлдсэн хөрөнгө нь замын цагдаагийн торгууль бэлнээр төлдөггүй систем болон энэ төвд зарцуулагдсан" хэмээв.
Дээрх төвд залуучууд, залуу гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхгүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг цогцоор нь зохион байгуулах боломжтой. Мөн номын сан, дуу бүжиг, хөгжмийн сургалт явуулах, тоглолт хийх дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтай юм.
24tsag.mn