
Өнөөдөр 15-34 насны нийт залуучуудын 10 хувь буюу 110 орчим мянган залуус мал маллаж байна. Сүүлийн жилүүдэд малчин залуучуудын тоо буурах хандлагатай болж байгаа нь цаашид мал аж ахуйн салбарт ажиллах хүчин хомсдох, нүүдэлчдийн өв соёл, ёс заншил мартагдах, нутаг орон эзэнгүйрэх, төвлөрөл дагасан ажилгүйдэл нэмэгдэх мэт сөрөг үр дагавартай. Тиймээс залуу малчдын тоо цөөрч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, зөв гарцыг тодорхойлон үр дүнтэй ажлууд зохион байгуулах шаардлагатай байна. “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөгөөн нь залуу малчдын нэр хүндийг өсгөх, урам өгөх, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой гэж Ерөнхий сайдын зөвлөх хэллээ.
ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, “Монгол малчин” мэдээллийн агентлагийн захирал Б.Олзвой нар зөвлөгөөний үеэр зохион байгуулах ажлуудаа танилцуулж, залуу малчдын төлөөллийн үндэсний сүлжээ бий болгох зорилготой байгаагаа хэллээ.
Т.Энхэлээ