
Хоёр улс 1960 онд дипломат харилцаа тогтоосон боловч, сүүлийн гуч гаруй жил зогсонги байсан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөлд зохицуулан бүхий л бололцоотой салбарт идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг талууд харилцан тэмдэглээд, энэ хүрээнд ГХЯ-д хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Зөвлөлдөх уулзалтын үеэр, хамтын ажиллагааг хөгжүүлж болох тодорхой салбарууд болон ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээний талаар талууд санал солилцож, Монгол Улсын Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох хүсэл эрмэлзэлийг камбожийн тал дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн өдөр Дэд сайд Д.Ганхуягийг Камбожийн Вант Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Хор Намхонг хүлээн авч уулзав. Ноён Хор Намхонг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхижүүлэх санал санаачилга гаргаж буй монголын талын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, эртний уламжлалт, найрсаг харилцаатай Монгол Улстай бүхий л салбарт хамтран ажиллаж, ялангуяа Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны интеграцид нэгдэн орох хүсэл эрмэлзлийг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.