Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2014.05.07/ үдээс хойш хуралдаж, эхлээд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт хийлээ.Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болов. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт нийцүүлэх үүднээс энэ хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Мөн тус байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай болон Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тоймыг удахгүй хүргэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
























































