
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо болж буй Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Уг уулзалт маргааш өндөрлөнө. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй уулзах юм. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өчигдөр уулзсан гэж байгаа бол өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж албаны эх сурвалж мэдээллээ.
АХАИББХ хуралдуулах санаачилгыг Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр анх дэвшүүлсэн. Эдүгээ Азийн 24 улс гишүүнээр ажиллаж байна. АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь Казахстаны Алматы хотод байрладаг.
Монгол Улс энэ бага хурлын анхны уулзалтаас эхлэн оролцож байгаа бөгөөд 2001 оны зургадугаар сард гишүүнээр нэгдэн орсон.
Т.Энхэлээ