
Энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсний дараа БНСУ-ын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жин Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн хүлээн авлаа.
Ёслолын арга хэмжээний дараа хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд тулгарч буй аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого, салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцэв.
Сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ айлчлалын хүрээнд БНСУ-ын цэргийн төрөл мэргэжлийн сургуулиудад суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогчидтой уулзан, тэдний хичээл сурлагын байдалтай танилцсанаас гадна тус улсын цэргийн анги салбар болон хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсэд зочилно.
Батлан хамгаалахын яам