
Хүний эрхийн төлөв байдлыг тогтмол хянах шинэ механизмын дагуу НҮБ-ын гишүүн нийт 193 орон 2006 оноос эхлэн хүний эрхийн байдлаа аль нэгэн гэрээгээр хязгаарлахгүйгээр 4 жил тутам үндэсний илтгэлээр тайлагнан хэлэлцүүлдэг болсон. Одоогоор 44 улс дунд хугацааны сайн дурын илтгэл НҮБ-д хүргүүлээд байгаа аж.
НҮБ-аас өгсөн зөвлөмж нь хүний эрхийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчны гэх мэт олон салбарт хэрэгжүүлэхтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хамардаг бөгөөд манай улсын хувьд 126 зөвлөмжөөс 27 зөвлөмж бүрэн хэрэгжсэн, 29 зөвлөмжийн зарим хэсэг хэрэгжсэн, 70 зөвлөмж хэрэгжилтийн шатанд байна.
Сайн дурын илтгэл бэлтгэж хүргүүлэх нь НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх явцад анхаарах шаардлагатай зүйлийг тодорхойлж, дутагдлыг арилгах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2015 оны нэгдүгээр сард НҮБ-д хүргүүлэх үндэсний хоёрдугаар илтгэлээ хүргүүлэх ажилд сайтар бэлтгэх, манай улс нэрээ дэвшүүлээд буй ХЭЗ-ийн 2015 оны сонгуульд амжилттай оролцоход хувь нэмэр оруулна гэж үзэж байна.