УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлуудын талаар гишүүдийн саналыг сонссон юм. Энэ үеэр Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцэх асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар саналаа хэлсэн юм.Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэнээр Монгол улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчинө гэж үзэж байгаагаа хэллээ. Тодруулбал улсын өрийн дээд хэмжээг зөрчих гэж байгаа тул эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэлээ.
Харин Ц.Нямдорж гишүүн Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирж хуулийн төслүүдийг хэтэрхий муу байна гэж шүүмжиллээ. Гишүүдийн саналыг сонссны дараа УИХ-ын дарга З.Энхболд Өрийн удирдлагын тухай хууль болон Тендерийн тухай хуулийг өнөөдөр хэлэлцэх асуудлаас хаслаа.
Одоо нэгдсэн чуулганаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Т.Энхэлээ
























































