
УИХ дахь бие даагчдийн бүлгээс мэдээлэл хийлээ. Газрын тосны тухай хуулийг дахин өргөн барихдаа өмнөх агуулгыг нь өөрчилсөнийг тус бүлгээс шүүмжиллээ. Уг нь тус хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун санаачилсан. Гэвч өөрчлөгдсөн хувилбараар нь бус өмнөхөөр нь батлах гэж зүтгэж байгаа нь зарим гишүүдийн явуулга гэж үзэж байгаа аж. Тодруулбал тус хуулийн төсөлд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын талын эзэмших хувийг тогтоолгүй Засгийн газар гэрээний асуудлыг шийднэ гэж оруулж ирсэн байна. Энэ нь цэвэр гишүүдийн ашиг сонирхолтой холбоотой гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Мөн МАН-ын удирдлагууд газрын тосны бизнестэй нягт холбоотой учир хуулийн төслийг унагасан гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ.
Үүнээс гадна энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг бие даагчдын бүлэг дэмжиж байгаа гэв. С.Ганбаатар гишүүн уг хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа бөгөөд тус хууль батлагдвал санхүүгийн зохицуулалтын эрх зүйн орчин сайжирна гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй гэлээ. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад оруулсан хэдий ч хэлэлцэлгүй удаж байгаа тул УИХ-ын даргаас шаардана гэлээ.
Т.Энхэлээ