
Хувьцааны хяналтын багцыг худалдан авах талаарх заалтыг ойлгомжтой, тодорхой болгох талаар анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан санал, хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу хуулийн төслийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг “Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй” гэсэн, мөн зүйлийн 57.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж буй хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна” гэсэн найруулгатайгаар төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт асуух гишүүд байсангүй. Ингэснээр Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 83,1 хувийн саналаар баталлаа.
Т.Энхэлээ