
Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Одоогоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байгаа тул эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулдаг нэг шалтгаан нь төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж байгаа явдал юм. Шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан ажиллагааны төрөлд эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг нэмж оруулсан байна.
Төлбөр төлөгч этгээд оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдээлэх үүрэг хүлээдэггүйгээс хаяг тодруулах, эрэн сурвалжлах ажиллагаанд их хэмжээний хөрөнгө зарцуулж, ажиллагааг түргэн шуурхай хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг. Хуулийн төсөлд төлбөр төлөгч хаягийн өөрчлөлтөө мэдүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хөрөнгө орлогоо нуух, бусдад шилжүүлэх явдал түгээмэл байдгаас ажиллагаа үүсгэсэн даруйд төлбөр авагчийн хүсэлтээр эд хөрөнгийн мэдүүлэг авах боломжийг хуульчлан зохицуулсан байна.
24tsag.mn