
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан бөгөөд “Олон улсын судалгаагаар төсвийн ил тод байдал суларсан мэдээлэл байна. Төсвийн зарцуулалттай холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж олон нийтийн хяналтанд оруулснаар татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чухал нөлөөтэй. Төслийн талаар өмнө УИХ дээр яригдсан гишүүдийн үнэтэй саналуудыг тусгасан. Төсвийг үр ашиггүй захиран зарцуулах нь багасах зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төсөл юм” хэмээн танилцуулсан юм.
Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай, хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэхээр болж байна.
Одоо чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ