
Тодруулбал олон соёлт гэр бүлийн харилцааг зохицуулсан заалтуудыг тусгаж өгсөн байна. Тухайлбал гадны хүнтэй гэр бүл болж байгаад салсан бол яаж зохицуулах юм. Мөн тэдний хүүхдийг аль улсын иргэнээр бүртгэх, гадаад хүнтэй гэр бүл болсон эмэгтэй хүчирхийлэлд өртвөл яах ёстой гэх зүйлүүдийг уг хуулиар зохицуулахаар зүйлчилжээ.
Түүнчлэн олны анхаарлыг ихээр татаж байгаа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ажлын хэсгийн түвшинд явж байгаа бөгөөд ирэх долоо хоногт байнгын хороогоор анхны хэлэлцэхээр болсон гэж С.Эрдэнэ сайд хэллээ.
Мөн тус яамнаас Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого болон Эрүүл мэндийн даатгалын хуулийг Засгийн газраар хэлэлцэж дэмжвэл ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ. Үүнээс гадна Монголын Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй бөгөөд уг бодлогын баримт бичигт нийт 14 хуулийн өөрчлөлт болон шинэчилсэн найруулга багтаж байгаа аж. Түүнчлэн уг баримт бичгийг баталснаар манай оронд хүний хөгжлийн эрх зүйн шинэ орчин бий болно гэж үзэж байгаа юм байна.
Мөн өнгөрсөн жил улс орон даяар бүх өрхийг хамруулж хийсэн өрхийн амьжиргааны судалгааны дүн удахгүй гарах юм байна. Уг судалгааны дүнг нэгтгэж гаргасаны дараа иргэдэд үзүүлэх халамж үйлчилгээг тодорхой болгох аж.
Т.Энхэлээ