
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Австри улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Хар тэнгисээр дамжин өнгөрөх байгалийн хийн шинэ хоолой барих гэрээг үзэглэсэн байна. Энэхүү хоолой баригдсанаар Европын Холбоог чиглэх ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт Украйнаас хамаарах нь багасах ач холбогдолтой ажээ. ОХУ-ын байгалийн хийн гол худалдан авагч нь Европын холбооны орнууд байдаг. Гэвч сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж байгаа Украйны хямрал зөрчлийн улмаас Европын хийн нийлүүлэлт эрсдэлтэй байдалд орсон нь талуудын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа юм. Хэдийгээ Европын Холбоо Украйны хэрэг явдалд ОХУ-г буруутгасан байр суурь илэрхийлж эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж байгаа ч дорвитой зүйл хийж чадахгүй байгаа. Хэрвээ ОХУ-д хориг арга хэмжээ авбал хариуд нь Европыг хамарсан байгалийн хийн хомсдол бий болох бодитой эрсдэл байгаа юм.