
Зочид, төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ зуу” хийдээр зочиллоо. Эртний нийслэл Хархорум хотын туурин дээр “Эрдэнэ зуу” хийдийг 1586 онд Автай Сайн хан байгуулсан түүхтэй. Эрдэнэ зуу хийд нь хөгжил, бууралтын олон шатыг давж байсан бөгөөд хөгжлийн хамгийн оргил үе болох 18-р зууны сүүл үед хэрмэн дотроо 60 гаруй сүм дуганатай байсан байна.
Мөн зочид, төлөөлөгчид Хархорин сумын “Хар хорум”, “Эрдэнэ зуу” музейг үзэж сонирхлоо. “Эрдэнэ зуу” музей сан хөмрөгтөө 7900 нэгж үзмэртэй. Харин “Хар хорум” музейд Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, эртний Улсуудын үе, Их Монгол Улсын үеийн болон Монголын эртний нийслэл Хархорум хотын үнэт үзмэрүүд хадгалагдаж байна.
Эдгээр музейн сан хөмрөгийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар гэргийн хамт үзэж сонирхов. Зочид, төлөөлөгчид одоо Архангай аймгийн Хашаат сумын “Хөшөөт цайдам” музейд зочилж байна.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс “ бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.