
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 9 тэрбум төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Тэнгэр” худалдааны төвтэй танилцлаа.
Тус төв энэ хөтөлбөрт хамрагдсанаар өдөрт 20-30 тн мах бэлтгэн ангилж савлах хүчин чадалтай махны цех, 10 тн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хүлээн авч угааж цэвэрлэн савлах хүнсний ногооны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон нарийн боовны үйлдвэрийн цехтэй болжээ. Мах, махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүнийг ченжүүдийн дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болсон гэж тус төвийнхөн танилцуулж байлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатар орчимд ганц “Хүчит шонхор” биш дүүрэг бүрт, ялангуяа захын дүүргүүдэд ийм төв байгуулахаар Засгийн газар дэмжин ажиллаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэ бүхий бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх нь чухал юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд намар хурааж авсан төмс, хүнсний ногооныхоо 80 хувийг зооринд хадгалдаг болохоор зорьж байна” гэж хэллээ.
“Тэнгэр” худалдааны төв шиг зоорь бүхий худалдааны төв ойрын хугацаанд Улаанбаатар орчимд 4-5 байгуулагдана гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.