БНХАУ-ын дарга Ши Жинпин парламентад үг хэлэхтэй холбогдуулан маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно. Харин ээлжит бус чуулган яаралтай хуралдаж улс орны эдийн засгийн байдлыг ярилцахыг УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл хоёр шаардсан. Сөрөг хүчнийхэн ч ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой гэж ярих болсон. Тэгвэл Засгийн газар ээлжит бус чуулганыг хуралдуулж төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Тиймээс Засгийн газраас Сангийн яаманд төсвийн тодотголын талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “төсвийн тодотгол хийх нөхцөл өнөөдрийн байдлаар үүсээгүй. Харин оны төгсгөлд л тийм байдал үүсэх магадлал бий” гэж мэдэгдлээ. Гэвч манай улсын төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасарч, алдагдал нь 380 орчим тэрбум төгрөгт хүрлээ. Үүнийг шинэчлэлийн Засгийн газар асуудал гэж үзэхгүй байгаа аж.



























































