
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 16-нд АНУ-ын Нью-Йорк хотноо эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дэх чуулганд оролцох юм. Дэлхийн бүх удирдагчдыг нэгэн дээвэр дор цуглуулж чаддаг НҮБ-ын энэ удаагийн чуулганы ярилцах гол сэдэв нь “2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” юм. Мэдээж дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Украины хямрал, Газын зурвас дахь мөргөлдөөн, Ирак, Сирийн асуудал зэрэг тулгамдсан олон сэдвийг хөндөж ярих нь тодорхой юм. Манай улсын хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамлейн 69 дэх чуулганд идэвхтэй оролцох бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаны хүмүүс Нью-Йоркт очих юм байна.
Энэ удаагийн чуулганаар Ерөнхий ассамблейн Ерөнхийлөгч Жон Эшийн бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд сонгохоор төлөвлөсөн юм байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дэхь чуулганы ерөнхий хэлэлцүүлэг энэ сарын 24-нд эхлэх бөгөөд ирэх сарын 1-нд өндөрлөх юм. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил уг чуулганд оролцохдоо Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулга уулзалтад оролцож үг хэлж байсан юм.
Т.Энхэлээ