Тойрогтоо ажиллаж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ард иргэдтэй уулзлаа. Цаст Цамбагарав хайрханыхаа өвөр энгэрээр нутагладаг энэ суманд усан цахилгаан станц байгуулахыг дэмжиж буйгаа уулзалтад ирсэн ард иргэд хэлж байв. Өмнө нь Дөргөн суманд УЦС байгуулах тухай яригдаж байх үед нутгийн иргэд эсэргүүцэж байсан учраас Эрдэнэбүрэн сумынхны санал бодлыг ийнхүү сонссон аж. Эрдэнэбүрэн суманд УЦС баригдвал сумын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа олон хүн илэрхийлэв. Тус сумын хувьд сургуулийн анги танхимын дүүргэлт багатай байгаа нь иргэд ажил амьдралаа бодон төв суурин газар руу нүүдэллэх болсонтой холбоотой аж. Иймээс иргэдийг ажлын байраар хангах, нутаг орондоо ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх бодлогыг яаралтай төр засгаас хэрэгжүүлж өгөхийг хүсч байв.

Энэ жил ховдчууд Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойн баярыг тэмдэглэсэн ч ойн баяраар ямар ч одон медалиар мялаагаагүйд нутгийн түмэн сэтгэл дундуур байгаагаа эрхэм гишүүнд дуулгажээ. Тиймээс Галдан Бошигт хааны үр удам гэдгээрээ бахархдаг Эрдэнэбүрэн суманд нь, нийт ард иргэдэд нь их хааны одонг олгуулах асуудлыг хөөцөлдөж өгөхийг нутгийн хүргэнээсээ чухалчлан хүссэн аж.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрдэнэбүрэн суманд ажиллаад буцах замдаа казах ястан оршин суудаг Ховд сумын Улаанбураа баг, Буянт сумын зарим айл өрх, ногооны талбайгаар орж ногоочдын амьдрал ахуйтай танилцжээ. Тариалангийн усалгааг сайжруулах, хурааж авсан ногоогоо хадгалах зоорины хүрэлцээ хангамжид анхаарахыг ногоочид хүсч байв. Улсдаа алдартай тарвас, амтат гуа, шар төмсний талбайг түшиглэн тус аймагт нарийн ногоо даршлах, савлах "Баялаг буянт" ХХК болон чипсний үйлдвэр байгуулагдаж байгаа аж.







