
Берт Хофман нь Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар саяхан томилогдсон байна. Мөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шинээр томилогдон ирж, ажлаа албан ёсоор аваад удаагүй байна. Энэ талаараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын хөгжлийг дэмжих , ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдаад захирал, суурин төлөөлгч нарын ажилд амжилт хүсэн ерөөв.