Гаалийн тарифтай холбоотой бодлогын асуудлаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй тус зөвлөлийн дүрмийг шинэчлэхийг Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний хуралдаанаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгасан юм. Энэ дагуу дээрх яамдаас боловсруулсан төслөө Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.Гаалийн тарифын зөвлөл нь гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох санал дүгнэлт гаргах, хөнгөлөлттэй тариф хэрэглэх хэлэлцээр байгуулсан орнуудын бараа бүтээгдэхүүнд тарифын тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлт ашиглах хэлэлцээрийн санал боловсруулах ажлыг хариуцна.
Зөвлөл 15 гишүүнтэй, төсөв, худалдаа, гадаад харилцаа, гааль, татвар, эрчим хүч, уул уурхай, зам, тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.



























































